2012 оны 9-р сарын сүүлийн нэгэн өдөр Лийдсийн их сургуулийн Тусгай архивын захирал бид хоёр бие биенээ хараад, инээгээд л, уйлаад л, тэгснээ ахиад инээгээд уйлаад л байлаа. Надад эх орондоо буцахаас өөр арга байсангүй. Би Англид ирсэн зорилгоо биелүүлсэн, тэгэх явцдаа сургалтын төлбөр, амьдралын зардлаа олох гэж өдөр өнжихгүй ажилласаар бие сэтгэлээр туйлдаж гүйцсэн байлаа. Бараг хүн гэдгээ мартаж, робот шиг болсон байв. Надад ээжийнхээ гарын хоолыг идэх, сэрүүлэггүй хэд хоног тасралтгүй унтахаас өөр хүсэж байгаа зүйл байсангүй.

Миний анхны “албан ёсны” ажлын гараа Монголоос 2002 онд эхэлсэн гэж хэлж болно. Яагаад “албан ёсны” гэдгийг онцлоод байгаа вэ гэхээр арваад жилийн дараа Англиас эргэж ирээд шалгасан чинь би тэр байгууллагад ажилласан гэсэн ямар баримт үлдээгүй байсан. Миний цалингаас суутгаад байсан нийгмийн даатгалын төлөлтийн ямар ч архив байсангүй. Тэгэхээр нэг талаасаа тэр газар 10 сар орчим ажилласан нь үнэн гэхдээ ажилласан гэдгийг батлах баримт байхгүй. Нэр усыг нь энд дурдаад яахав гэхдээ тэр хугацаанд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд анх орж байгаа залуу хүний хувьд учир мэдэхгүй, дэндүү гэнэн байсныг минь ашиглаж байсныг дурдахад харамсалтай байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж надад хэлсэн, байгуулаагүй байсан, суутгал аваад байсан мөртлөө нийгмийн даатгал төлөөгүй, ажлын 5 хоногт хэдийнээ шилжсэн байхад 6 дахь өдөр цалингүй ажиллуулдаг байсан, үндсэн ажлыг минь хийлгэхгүй, эргээд харахад “зараалын морь” шиг хөдөлмөрийн мөлжлөгт байсан гэж хэлж болно.

Олон цагаар 6 өдөр ажилладаг байсан болохоор гэрийн бараа ч харахаа больсон болохоор аав ээж хоёр маань бүр гайхаад, чи чинь одоо ямар ажил хийгээд яваад байна даа гээд л толгой сэгсэрдэг байв. Багахан цалингийн маань хагасыг шахуу дотоод гуанзныхаа хоолны мөнгө гээд авчихдаг байсныг одоо бодоход дотор муухайрдаг. Надад сарын эцэст гар дээр үлдэх мөнгө бараг байдаггүй байв. Тэгээд нэг иймэрхүү байдлаар ажлын гараагаа эхэлсэн ч, шударга биш зүйлийг удаан тэвчиж чаддаггүй зангаараа жил хүрэхгүй хугацааны дараа өөрийн саналаар гарсан. Миний том зорилго бол гадаадад сурах байсан бөгөөд тэр байгууллагын удирдах албаныхан ч мэдэж байсан. Гэхдээ наанаа намайг гадаадад сурахад хүртэл дэмжинэ гэж байсан ч, боол шиг ажиллуулж, англи хэлээ давтах, англи хэлний шалгалт өгөх болон бэлдэх ямар ч цаг хугацааг өгдөггүй байв.

Тиймээс би өөрийн зорилго дээрээ анхаарч, бусдын ажилд бүх байгаа цагаа өгөхгүй байхыг нэг өдөр шийдсэн. Тэгж шийдсэндээ ч баяртай байдаг. Тэр ажлаас гараад гадаадад суралцах бүх бэлтгэлээ базааж, хоёр жилийн дараа би Англид оюутан болж очсон байлаа. Англид олон төрлийн түр, хагас цагийн ажил хийж байснаас надад хамгийн ээлтэй, надад “хүн” гэж ханддаг байсан, хамгийн удаан хугацаанд ажилласан, тогтвортой орлоготой байлгасан ажил маань Лийдсийн их сургуулийн Тусгай архивын туслахын ажил байв.

Анх тэр ажилд орчихоод нэг тийм тайван, найдвартай, түшигтэй мэдрэмжийг аваад их сонин санагдаж билээ. Өмнөх газрууд нь бол дарга, захирал эсвэл менежер гээд хүмүүс нь заавал “надаас дээгүүр албан тушаалтай” гэдгээ мэдрүүлэх гээд зүтгээд байдаг байсан. Зарим нь бол бүр ичиж айхаа мэдэхгүй шууд хэл амаар доромжилно, шууд бус байдлаар дарамтална, гадуурхана. Гадуурхал нь арьс өнгөний өнгө аястай заримдаа бэлгийн гадуурхал ч бас хамтдаа явж байна. Тэр дундуур нь нэр хүндээ алдчихгүй шиг, бага хямарч, тайван, ухаалаг байх гэж их хичээдэг байж билээ. Эргээд бодоход, харь газар ганцаараа байгаа үед ажлын байран дээрх гадуурхал, дарамт их хүнд тусдаг санагддаг. Тэр болгоныг ээж аавдаа хэлж санааг нь зовоохгүй гээд нууна, уйлна. Хажуугаар нь хичээл номоо цаг хугацаанд нь хийх гэж шөнө орой номын санд сууна, амжихгүй болохоор заримдаа 24 цагийн номын сандаа хонож хийдэг байж билээ.

Ажлын байран дээрээ, Лийдсийн их сургуулийн Тусгай архив, 2010.12.09.

Намайг Монгол буцах болсныг сонсоод манай ажлынхан эхлээд итгээгүй. Би тэнд хоёр жил гаран ажиллаад, бид нар гэр бүл шиг болсон байв. Тэгээд ажлаас гарах өргөдлөө өгөхөд л ажлынхан маань итгэсэн. Надад ч бас нэг л үнэмшилгүй санагдаад, өөрөө итгэж өгөхгүй хэсэг явсан.

Сүүлийн өдөр би захиралтайгаа уулзах гээд өрөөнд нь оров. Би хоёр захиралтай байсан. Эхний захирал маань надад ихийг сургасан, мундаг эрдэмтэн Др Крис Шеппарт гэдэг хүн байсан. Дараа нь Др Kэйти Торнтон манай захирал болсон. Др Торнтон зөөлөн, ухаалаг хүн бөгөөд өрөө нь ямагт нээлттэй байдаг байлаа. Би завгүй хүний цагийг аваад яахав гээд хурдхан баяртай гэж хэлээд гарах бодолтой байсан ч, нэг мэдсэн нус нулимстайгаа холилдсон сууж байв. Бид хоёр бараг цаг гаран ярилцсан байх. Тэгээд тэр намайг тэврээд, чи Англид эргэж ирвэл надтай заавал уулзаарай гэж хэлж билээ.

Монголд анхны ажлаасаа гарахад надад чи бол “боол”, бид нар ахиад нэг “боол” амархан олоод авчихна гэж хандаад үүдэн дээр бүр нэгжээд гаргаж билээ. Харин 10 жилийн дараа хар элгийн хүмүүс хүмүүс надад дасаад, хүндлээд, явахад минь харамсаад нулимс унагаж байхыг хараад их олон зүйл бодсон. Уулын мод урттай, богинотой. Монгол хүн гээд дандаа сайн биш, гадаад хүн гээд дандаа муу биш. Хаана ч ялгаагүй, сайн нь муутайгаа холилддог хорвоо учраас хэвшмэл үзэл бодлоо байнга хянаж байх нь амьдралын чухал чадвар юм даа.

2026.02.24

Др.Ц.Цэндпүрэв, ХБНГУ

Миний хамт олон, Лийдсийн их сургуулийн Тусгай архив, 2012.02.25.

Recommended for you