Шулуухан хэлэхэд Монголоос Англид 2004 онд оюутан болж очихдоо нилээд хэнэггүй, зөрүүд залуу бүсгүй очиж байснаа тод санадаг. Тэгээд л алхам бүрт анхааруулга байгаад байдагт их дургүйцдэг байж билээ. Health & Safety Guideline буюу Монголчилвол аюулгүй ажиллагааны журам гээд заавал нэг товхимол байдаг, энд тэнд хэвлээд наачихсан байдаг. Тэрийг заавал унших ёстой, ойлгох ёстой. Номын санд ажилладаг болохоосоо өмнө янз янзын газар түр ажилладаг байхад, ажил эхлэхээс өмнө заавал тэр ажиллаж байгаа газрын аюулгүй ажиллагааны тухай танилцуулгыг бүрэн хийсний дараа ажил эхлүүлдэг байж билээ. “Ёоох ядаргаатай юм бэ, ойлгомжтой шүү дээ” гэж боддог байсан.

Зураг. Ц.Цэндпүрэв, Анагаахын сургуулийн номын сан, Лийдсийн ИС, Их Британи, 2008
Ажилласан газар бүр намайг галын гарцуудыг мэддэг, гэнэтийн зүйл болоход хэнд эхлээд хандах уу, ямар арга хэмжээ авах уу гэдгээ заавал мэдэхийг шаарддаг байсан. Нилээд хүнд хүчир талдаа ажил хийж явсаар номын сангийн “тухтай ажил” оллоо гэж бодоод л, нөгөө хэнэггүй зангаараа “ажилсаг” хүн болж эхний жилээ их хичээлээ. Лийдсийн ИС-ийн Анагаахын сургуулийн номын сан нь дээр үеийн зузаан хүнд ном ихтэй байдаг байсан. Хамт ажиллаж байгаа хүмүүс тэр номнуудыг зөөж, байранд нь тавих дургүй болохоор нь би түрүүлж байранд нь тавьж цэгцэлдэг байв. Зарим ботиуд нь хэдэн кг болно. Аюулгүй ажиллагааны зааврын дагуу бол заавал хоёр гараараа өргөөд, тэргэнцэр дээр тавьж байршлын хооронд зөө гээд байхад, би нэг гараараа өргөөд тэргэнцэр ашиглахгүй зөөдөг байлаа. “Би чадна, энэ юу байдийн, би залуу бла бла” гээд хөөсөрсөн бодлууддаа толгой эргэсэн миний баруун бугуй 6 сар орчмын дараа хөшиж өвдөж эхлэв. Хүчтэй өвдөхгүй, гэхдээ лугшаад л, хөшөөд байна. Эхлээд тоохгүй байсан, сүүлдээ нэг гараараа ном өргөж чадахгүй болов.
Энэ тухай менежертээ хэлэхгүй нуугаад л байв, сүүлдээ бүр аргаа бараад хэлэв. Чи яагаад эртхэн хэлээгүй юм бэ гээд гайхаад, их сургуулийн эмчид үзүүл гэв. Үзүүллээ, Repetitive Strain Injury буюу давтамжит үйлдлээс үүдсэн гэмтэл болж таарав. Хамгийн аюулгүй газар ажилтай болчихлоо гэсэн чинь бугуйндаа гэмтэлтэй болчихов. Тэгээд нэг гараараа ном өргөж болохгүй, хүнд ном огт өргөж болохгүй, бас физик эмчилгээнд явна гэсэн нөхцөлтэйгөөр ажлаа үргэлжлүүлэх болов. Ганцхан ажил хийхэд биш, баруун гараа ашиглахад маш түвэгтэй болж эхэлсэн учраас цаашид болгоомжтой байхаас өөр сонголт байсангүй. Менежер маань итгэж асуудлаа хэлсэнгүй гэж надад гомдонгуй байсансан. Учир нь менежер маань өөрөө ийм гэмтэл аваад, бүр хүндэрч, мэс засал хийлгэж байж эдгэсэн байжээ. Би ч аюулгүй ажиллагааны журмаа сайн дагаж, хичээсний үр дүнд мэс засалдаа тулсангүй. Гэхдээ л жижиг гэлтгүй дүрэм журам, анхааруулга нь зүгээр нэг хийх ажилгүй хүний хийсэн зүйл биш гэдгийг ойлгосон доо.
Др.Ц.Цэндпүрэв